БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төвд айчилж байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төвд айчилж байна.
Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Испанийн Вант улсын Мадрид хотноо НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төвд ажлын айлчлал хийж, Монгол улс цаашид аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хэрхэн хангах, дэлхийн болон бүс нутгийн интеграцчилалд хамрагдах, олон улсын хамтын ажиллагаанд оролцох стратеги болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах, ойрын 10 жилийн алсын харааг тодорхойлох зэрэг асуудлууд дээр санал солилцон тодорхой шийдвэрүүдийг гарган харилцан тохиролцлоо.
Айлчлалын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай: Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон тоглогчийн нэг болох бүрэн боломжтой бөгөөд энэ зорилгод хүрэхэд ДАЖБ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол улсын “Нүүдлийн аялал жуулчлал”-ыг CNN, National Geographic зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн хамгийн зорин очих үзүүштэй газар нутгийн нэг хэмээн зарлаж байгаа нь маш ирээдүйтэй аяллын төв болох боломж байгааг харуулж байна гэсэн юм. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад хийсэн энэ удаагийн айлчлалаар хоёр тал дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: Аялал жуулчлалын тандалт, судалгааны төвийг ДАЖБ-ын тусламжтайгаар анх удаагаа байгуулахаар тохиролцов. Уг төв нь аялал жуулчлалаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх зорилготой.
Мөн “Нүүдэлчдийн аялал жуулчлал” сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо ДАЖБ-тай хамтран зохион байгуулахаар тохиролцов. Аялал жуулчлалын сайд нар өндөр хэмжээний зочид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах үүргийг ДАЖБ хүлээсэн байна. Уг форумыг зохион байгуулснаар “Нүүдэлчдийн замаар аялахуй” аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх өргөн боломж бий болно. Түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол Улсад хэлэлцэж байна гэсэн томоохон маркетинг нь Монгол Улсыг олон улсад хурлын өмнө болон дараа сурталчлах өргөн бололцоог нээж байна.НҮБ-ын ДАЖБ-ын төвд Монгол Улсаас мэргэжилтнүүдийг урт хугацаанд дадлагажуулан ажиллуулах, мөн ДАЖБ-аас зохион байгуулдаг сургалтад манай мэргэжилтнүүдийг суралцуулахаар тохиролцлоо.Үүний зэрэгцээ Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх тал дээр техникийн тусламж үзүүлэх талаар санал солилцлоо.
Үзсэн: 1218
Tweet