Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Японы харилцаа гүнзгийрч байна.


Zambaga 2016-01-13 10:01

Монгол-Японы харилцаа гүнзгийрч байна.

            Монгол, Япон хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 40 гаруй жил байна. Энэ хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, сүүлийн жилүүдэд өндөр дээд түвшний айлчлал тогтмолжиж байгааг Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин Шимүзү Такенори онцлон хэлсэн.

Япон улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг. 


Монгол бол онцгой байрлалтай орон. Хамгийн том газар нутагтай, хамгийн их хүн амтай дэлхийн хоёр гүрэнтэй бид хиллэдэг.

Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэг бол хамтарч энэ том зах зээлд хүрэх хоёр талын эдийн засгийн эрмэлзэл давхцаж байгаа гэдгийг МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахдаа хэлсэн.

Монгол Улсын түүхийн онцгой үед Японы ард түмэн дэмжиж тусалж байв. Япончуудын дэмжлэгт нэг онцлог бий. Энэ бол Японы тусламж, дэмжлэг ямагт нүдээ олсон  байдаг.

Монголын цахилгаан станцууд зогсч улс орон хөлдөх аюул нүүрлээд байсан хүнд үед, Улаанбаатар хотын нийтийн тээвэр зогсонги болсон үед, гал команд, эмнэлгийн түргэн тусламжийн машингүй болж байсан үед, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээр дутагдах үед япончууд тусламжийн гараа сунгаж байсныг бид цаг ямагт санадаг. Гэхдээ нэг нь үргэлж авч, нөгөө нь үргэлж өгдөг цаг дуусч байна. Японы буцалтгүй тусламж дуусгавар болж, одоо манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааны шатанд ирлээ.

Өнөөдөр хоёр улсын хоорондын худалдаа эргэлт 100 сая ам.доллараар хэмжигдэж, Японы шууд хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт хүрэхгүй байгаа нь хангалтгүй байгаа юм. Хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн төвшинд гаргах цаг нь болсон. Энэ эгзэгтэй цаг үед Монгол-Япон хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь олон орны анхаарлыг татаж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны худалдааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол, Японы эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, харилцан ашигтай, бие биенээ нөхсөн хамтын ажиллагааны үндсийг тавих эрхэм зорилготой.

Үүний тулд хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя гэсэн зарчмын дор хоёр орны хувийн хэвшилдээ Засгийн газрууд дэмжлэг үзүүлэх шийдвэрт хүрлээ.

Япон улстай Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулсан нь манай улсын байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой болсон тухай Гадаад Харилцааны сайд асан Гомбосүрэн ярихдаа:


  Хоёр орны харилцаа итгэмжилсэн түвшинд хүрч байна. Үүнийг улс төрийн ойр ойрхны өндөр түвшний яриа хэлэлцээрээр жишээлж хэлж болно. Нөгөө талд нь хамгийн гол нь Монгол-Японы харилцааг эдийн засаг, материалагжуулах асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, японы хөрөнгө оруулалтыг бодитой болгох. Тэр чиглэлд ахиц гаргах ёстой маш чухал яриа хэлэлцээг энэ жил хийлээ. Монгол-Японы эдийн засгийн түншлэл. Энэ ажлыг хоёр талаасаа боловсруулаад явсан. Энэ бол эдийн засгийг харилцааг эрс идэвхжүүлсэн үйл явдал болсон. Хоёр орны харилцааг харвал нилээд итгэмжит харилцаа болж чадсан. Үүнд ард түмнний харилцааг нэмж болно. Монголчууд япон орныг зорих нь нэмэгдсэн. Тэнд олон монгол хүн аж төрж, сурч амьдарч байна. Япончууд Монгол оронд чөлөөтэй ирж очдог болсон. Соёлын элч төлөөлөгчид бий. Ингээд яривал нэг үеийг бодвол манай хоёр орны харилцаа идэвхжсэн. Гэхдээ тоо үзвэл, японы хөрөнгө оруулалт хэмжээгээрээ бусад орнуудаас нилээд хойгуур явж байна. Энэ бол бидний хүсч буй хэмжээ биш. Бидний байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээ хэлэлцээр ойртсон гэсэн үг. Гэхдээ ойртсон гэдэг нь аливаа юм бүтэх цагтаа л бүтнэ. Таван жил зүтгэж байж энэ гэрээг байгуулсан. Манай хоёр орны харилцааг эерэгээр харж байна гэв.


Монгол-Япон хоёр орны харилцааг соёлын солилцоо, арга хэмжээнүүд улам сонирхолтой болгож байдаг. Тухайлбал, Монгол, Япон бичгийн уран татлагын "Тэнгэр, Нар, Түншлэл" үзэсгэлэнг хэлж болно.

 Тус үзэсгэлэнд Монгол, Японы уран бүтээлчдийн 80 гаруй бүтээл, Японы каллиграфийн нэрт мастер, хатагтай Яахаги Шүнкэй "Нар", "Сакура" хэмээх хоёр үгийг урнаар татаж хурсан олныг баясгасан билээ.

Монгол, Японы соёлын харилцаа нь хоёр орны түншлэлийн өргөн цар хүрээ,  манай ард түмнүүдийн нөхөрлөлийн билгэ тэмдэг, энх амгалангийн утга агуулгыг агуулж байдаг юм. Энэ тухай бид Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын атташе Ямамотогоос тодруулсан юм.


Ямамото: Монгол-Японы хооронд соёлын хэлэлцээр байгуулагдаад 42 жил болж байна. Соёлын арга хэмжээнд олон төрлийн уралдаан тэмцээн, өдөрлөгийг зохион байгуулж ирлээ. Жил бүр УБ хотноо японы поп соёлын өдөрлөг болдог. Го даам, Шоги шатар, япон хэлээр хэн сайн ярих вэ уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж ирлээ.  Ер нь Японы соёл уламжлалт буюу поп гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Уламжлалт болон орчин үеийн соёлоо сурталчилсан арга хэмжээг зохион байгуулна. Орчин үеийн соёл дотроо манга буюу анимегийн соёлыг илүү дэлгэрүүлэх болно. Учир юу гэвэл, 8 дахь удаагийн олон улсын манга уралдааныг японд зохиосон байгаа. Олон улсаас 300 гаруй уран бүтээлч оролцож, монголын Бумбардай зохиолын зохиогч Эрдэнэбаяр Гран при нэгдүгээр байр эзэлсэн. Манга нь японд их дэлгэрсэн соёл. Энэ соёлыг монголд мөн дэлгэрүүлэх сонирхолтой байна гэлээ.

 Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг.

Хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы харилцаанд  итгэлцэл бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин  хөгжиж байгаа юм. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. 

Үзсэн: 1674

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна